Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН I
МУ-ын АУ-ны үндэстний хүрээлэнгийн захирал,
ШУ-ны доктор, профессор, Академич Н.Баасанжав
    Хүн амьд явахын утга учир нь эрүүл байж, жаргалтай урт удаан наслах билээ. 21-р зууны анагаах ухааны тэргүүн зэргийн асуудал нь өвдсөн хойно нь эмчлэх биш тэр хүнийг эрүүл байлгахад эрүүл мэндийг нь бэхжүүлэх, өвдөхгүй байх бүх боломжийг бүрдүүлэх юм. Эрдэмтэн мэргэдийн судалгаагаар хүн эрүүл аж төрөхөд удам зүй 10%, өвчин эмгэг 15%, байгаль орчин 20%, нийгмийн хүчин зүйл (цалин, байр, орон сууц, хувь хүний хооллолт, амьдралын төлөв байдал гэх мэт) 55%  хамааралтай байгааг тогтоожээ.
Хүн амыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлын гол цэг бол хүмүүст эрүүл мэндийн сурталчилгаа, хамгийн энгийнээр өвчин эмгэгийг зөв ойлгуулахад оршино. Тэгвэл АУ-ны доктор Бямбын Намтай эл номоороо дээрх асуудалд хариулт өгч чаджээ. Өөрөөр “Эрүүл амьдрах ухаан” номондоо өвчин эмгэгийн үүсэл гарал, эмчилгээний асуудлыг Хятад, Монгол, Төвд улсад хэрхэн нэрлэж, яаж эмчилдэгийг онцлон бичжээ.Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гол зангилаа, асуудал бол өвчин үүсэх халгаат хүчин зүйлсийг таслан зогсоох явдал байдаг. Халгаат хүчин зүйлсийн эн тэргүүнд амьдралын хэв маяг байдаг. Зохиогч амьдралын хэв маягийг юунаас хамаарах, эрүүл амьдрахад юуг эрхэмлэх, сахин хамгаалах талаар өгүүлжээ. Жаргалтай эрүүл байх нэг сайхан, хоол ундаа цэгцтэй хэрэглэн хорт зуршлаас хол явах бас нэг сайхан, хууч эмгэггүй эрүүл байх бүр ч сайхан. Сайхан болгоны нийлбэр нь эрүүл амьдрах ухаан гэдгийг хэн хүнгүй ойлгох ёстой болжээ. Эрүүл амьдрахад саад болж байгаа хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн тэмдэглэж, түүнийг арилгах ухаанаар номоо баяжуулжээ.
Зохиогч зөв хооллолт, зөөлөн цаг агаар, биеийн жингээ зохих түвшинд барих, бялдаржуулах хөдөлгөөн дасгал, бие сэтгэлийн амгалан байдал зэргийг эрүүл амьдрах ухааныг бүрдүүлэх таван багана болгон босгож хүмүүн төрөлхтний эрхэмлэн сахих зарчим, өдөр тутмын дадал заншил болгохыг дахин давтан анхааруулжээ. Түүнчлэн өвчин эмгэг нь хөгшрөлд хэрхэн нөлөөлдөг, хөгшрөлтөөс сэргийлэх уламжлалт болон Европын анагаах ухааны аргуудын талаар ойлгомжтой өгүүлжээ.
Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн үндсэн найман элемент байна гэж үздэгийн эрүүл мэндийн боловсрол, хоол хүнсний талаарх асуудал нь уламжлалт анагаах ухааны өвчнөөс сэргийлэх зарчимтай холбоотойг зохиогч тодорхой бичсэнээс гадна бусад нь Европын болон Дорно дахины анагаах ухааны асуудал гэдгийг тодруулжээ.
Доктор Намтай нь эзэмшсэн мэргэжил, арга туршлага, олон жилийн ажиглалт, олон ном товхимолтой танилсаны үндсэн дээр бичсэн гарын авлага нь мэргэжлийн бус хүмүүст төдийгүй эмч, сувилагч, оюутан сурагч нарын сонирхон унших ном болжээ.
Номын их далай улам ундаргатай байхыг ерөөе.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats